
Дулааны IV Цахилгаан Станц ТӨХК түүх
“ДЦС-4” ТӨХК-ийн суурийг 1979 онд тавьж,
- 1983 онд эхний агрегат 80 МВт
- 1984 онд 2 агрегат бүхий 180 МВт
- 1985 онд 3 агрегат бүхий 280 МВт
- 1986 онд 4 агрегат бүхий 380 МВт
- 1990 онд 5 агрегат бүхий 460 МВт
- 1991 онд 6 агрегат бүхий 540 МВт
- 2007, 2009 онд 20 МВт-аар тус тус нэмэгдүүлсэн.
- 2015 онд Турбоагрегат №7-г шинээр ашиглалтанд оруулж, 2019 онд Турбоагрегат №1 болон Турбоагрегат №4-г шинэчилсэнээр нийт 772 МВт цахилгаан эрчим хүчний, 1373 Гкал дулааны эрчим хүчний суурилагдсан хүчин чадалтай ажиллаж байна.
СУУРИЛАГДСАН ТОНОГЛОЛЫН ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Станцын төрөл, ангилал: Хөндлөн холбоос бүхий 8 зуух, 7 турбинтэй цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэх схемтэй.
Уурын турбин: Цагт 100 МВт цахилгаан эрчим хүч, 175 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай Т-100-130 (ОХУ) маркийн зөвхөн дулаацуулгын (отбор) авлагатай 3 турбин, цагт 100 МВт цахилгаан эрчим хүч, 220 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай ПТ-80-130 (ОХУ) маркийн үйлдвэрийн болон дулаацуулгын (отбор) авлагатай 2 турбин, мөн цагт 80 МВт цахилгаан эрчим хүч, 220 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай ПТ-80-130 (ОХУ) маркийн үйлдвэрийн болон дулаацуулгын (отбор) авлагатай 1 турбин, цагт 120 МВт цахилгаан эрчим хүч, 188 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай Т-120/130-130-8МО (ОХУ) маркийн үйлдвэрийн болон дулаацуулгын (отбор) авлагатай 1 турбин;
Уурын генератор: Цагт 500 тонн өндөр параметртэй (140 кгс/см², 560°С) уур үйлдвэрлэх хүчин чадалтай БКЗ-420-140-10С (ОХУ) маркын 6 зуух, цагт 420 тонн өндөр параметртэй (140 кгс/см², 560°С) уур үйлдвэрлэх хүчин чадалтай БКЗ-420-140-10С (ОХУ) маркын 2 зуух;
- “ДЦС-4” ТӨХК нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 58,7%, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 54,8 %-г дангаар хангадаг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэр юм.
- Тус компанийн эзэмшилд захиргааны, ахуй үйлчилгээний, лабораторийн, үйлдвэрлэлийн, засварын зэрэг 66,7 га талбай бүхий 89 барилга, 174 байгууламж багтдаг.
- 2001 оны 8-р сараас Төрийн өмчийн Хувьцаат Компани болж, Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 335 дугаар тогтоолоор эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын хувьцааны 70%-г Эрчим хүчний яам, 30%-г Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эзэмшиж байна.
- Үйлдвэрлэл, технологийн 6 цех, механик боловсруулалтын 1 цех, Үйлдвэрлэлийн, Засварын, Судалгаа Хөгжлийн гэсэн техникийн 3 алба, Захиргаа хүний нөөцийн, Хяналтын, Борлуулалт маркетингийн гэсэн захиргааны 3 алба, Төлөвлөлт эдийн засгийн, Санхүү бүртгэлийн, Худалдан авах ажиллагааны, Нийгэм ахуйн гэсэн 4 хэлтэс, Төсөл хэрэгжүүлэх нэгж, Эмнэлэг, Зоогийн газар, Авто аж ахуй гэсэн нэгжүүдийн зохион байгуулалттай үйл ажиллагааны холимог бүтэцтэй ажил үйлчилгээ явуулдаг.
- 2020 оны байдлаар нийт 1473 ажиллагсадтай байгаагаас 301 ажилтан нь инженер техникийн ажилтан байна.
Эх сурвалж: ДЦС-4