Монголын анхны салхин парк болох Салхит салхин станц 50МВт нь Улаанбаатар хотоос 75 км зайнд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрладаг бөгөөд 2013 оны 6 дугаар сараас бүрэн ашиглалтанд орсон.
“Салхит” салхин цахилгаан станц нь жилд 190 мянган тонн нүүрс, 1.6 сая тонн цэвэр ус хэмнэж, 20 мянган га мод тарьсантай тэнцэхүйц хэмжээний хүлэмжийн хий ялгарахаас сэргийлнэ гэсэн тооцоо бий.
- Суурилагдсан хүчин чадал: 50МВт (GE компаний GE 1.6-82.5xle загварын 31 СЦҮ), GE-ын 1.6-82.5xle загварын турбин нь дэлхий дахин 20 мянга орчим ашиглагдаж байгаа өндөр үзүүлэлтэй турбин
- 27 км урт 35 кВ-ын кабелийн сүлжээ
- Анх удаа дэвшилтэт технологи болох 110кВ-ын Хийн тусгаарлалттай хувиарлах байгууламж (GIS)
- Тристорын удирдлагатай Статик Вар Компенсатор (SVC)

Салхит салхин станц 50МВт
“Клин энержи” компани 2004 оноос салхины нөөцийн судалгаа хийж эхэлжээ. Салхины нөөцийн судалгаа дор хаяж гурван жил хийсний дараа цахилгаан станц барих эсэхээ шийддэг жишигтэй. Салхит уулын зургаан цэгт байрлуулсан хэмжигч багаж салхины дундаж хурд 8.2 метр секунд байгааг тогтоожээ. Салхины дундаж хурд 7 метр секундээс дээш байхад салхин цахилгаан станц барьж болдог байна.

Салхит салхин цахилгаан станц
Салхин сэнсээ бүгдийг нь босгоод дэд станцын барилгаа бариад, тоног төхөөрөмжийг суурилуулбал Монголын анхны салхин цахилгаан станц ашиглалтад орох нь. Салхин цахилгаан станцын зам, газар кабель, дамжуулах шугамыг хийж дуусчээ. Ерөнхийдөө дагалдах дэд бүтцийн ажил өндөрлөсөн байна. Энэ станцын чадал 50 мегаватт. Монголдоо дөрөв, гуравдугаар цахилгаан станцын дараа орох хүчин чадал юм.

Салхин сэнсний цамхгийг 100 метрийн өндөр, 650 тоннын даацтай хөдөлгөөнт кранаар өргөн босгож байгаа аж. Монголын хамгийн хүнд даацын цорын ганц кран тэнд байна. Бас нэг хамгийн хамгийн Салхин цахилгаан станцын төсөлтэй холбогджээ. Салхин сэнсний далбааны урт 40.3 метр. Үүнийг Монголд тээвэрлэсэн хамгийн урт ачаа гэв. Салхин цахилгаан станцын тоног төхөөрөмжийг авчрахад тээвэрлэлт хамгийн бэрхшээлтэй байжээ. Сэнсний далбааг ачсан машины цуваа Замын-Үүдээс Чойр хүртэл хөсөг тэрэг шиг гэлдэрчээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 175 тэрбум төгрөг болсон байна. “Ньюком”-оос гадна “Женерал Электрик Пасифик” компани, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Нидерландын хөгжлийн банк санхүүжилт хийжээ. Хөрөнгө оруулалтаа 10 жилийн дараа нөхнө гэсэн тооцоо гаргасан.
Эх сурвалж: Cleanenergy










Салхин сэнс гэж бичих нь буруу юм. Учир нь сэнс гэдэг бол цахилгаан эрчим хүчээр цахилгаан хөдөлгүүр ажиллуулж үүний гол дээр суурилуулсан ажлын далбаануудаар агаарын урсгалыг зохиомлоор үүсгэдэг төхөөрөмжийг хэлдэг. Хүмүүс сэнс гэхээр үлээдэг төхөөрөмж гэж ойлгодог. Тийм ч учраас салхин сэнс хөрсийг хуурайшуулж ган гачиг үүсгэж байна борооны үүлийг хөөж байна гэж маш буруу ойлголтоор ярьж эсэргүүцдэг ялангуяа хөдөөний малчид. Харин салхин турбин гэдэг бол эсрэгээрээ салхины хүчээр эргэлддэг бөгөөд салхины хүчийг харин ч бууруулдаг – хөрсийг хуурайшуулж өвс ургамлын гарцийг бууруулдаг сөрөг нөлөөлөл байхгүй мөн борооны үүлийг хөөж сарниулах тийм нөлөөлөл огт байдаггүй.