Шар Ногоон Улаан өнгийг та бүхэн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК болон зарим ХХК-н лого дээр зөндөө харж байсан байх. Эдгээр өнгө нь зүгээр ч нэг дизайн биш бөгөөд цахилгаан систем дэх дамжуулагч утаснуудын өнгөний стандарт-тай шууд холбоотой юм.
Цахилгааны утаснуудыг зориулалтаар нь өнгөөр ялган тэмдэглэх нь:
✅ Аюулгүй ажиллагаа
✅ Найдвартай ажиллагаа
✅Стандартын нийцэл гэсэн гурван гол зарчмыг хангадаг.
Манай Монгол улсын хувьд 2003 оны 07 сараас мөрдөгдөж эхэлсэн БД 43-101-03 буюу “Монгол Улсын Цахилгаан Тоног Төхөөрөмжийн Байгууламжийн Дүрэм”-ийн 1.1.21 заалтын дагуу:
Гурван фазын хувьсах гүйдлийн хувьд: А фазын шинийг шар өнгөөр, В-г ногооноор, С-г улаанаар, ажлын нойлтуулгын шин (N)-ийг цэнхэр өнгөөр будах ба нойлын хамгаалалтын үүрэг гүйцэтгэх нөхцөлд шар ногоон өнгийн тууш зураас гаргаж тэмдэглэнэ.

ОХУ-ын стандарт (ГОСТ)
Оросын хувьд өмнө нь ГОСТ Р 50462-1992 стандартыг ашиглаж, шинийг А–шар, В–ногоон, С–улаан өнгөөр тэмдэглэдэг байв. Гэвч 2009 оноос эхлэн IEC 60445 олон улсын стандарттай нийцүүлж, ГОСТ Р 50462-2009-ийг баталсан. Шиний өнгө дараах байдлаар өөрчлөгдсөн:
- А фаз – бор
- В фаз – хар
- С фаз – саарал
- N – цэнхэр
- PE – шар-ногоон
ГОСТ Р 50462-2009 стандарт өөрчлөгдсөн ч, практик дээр хуучин тэмдэглэгээ өргөн хэрэглэгдсээр байгаа нь анзаарагддаг.

БД 43-101-03 буюу “Монгол Улсын Цахилгаан Тоног Төхөөрөмжийн Байгууламжийн Дүрэм” стандартыг ГОСТ Р 50462-1992 -ааүндэслэгдсэн юм.
БНХАУ-ын GB/T 6995.4-2008 стандартын дагуу:
- А фаз – улаан
- В фаз – шар
- С фаз – ногоон
- N – цэнхэр
- PE – шар-ногоон
Энэ нь тухайн орны уламжлалт тэмдэглэгээ, олон улсын IEC-ээс бага зэрэг ялгаатай.

Хүснэгтээр харьцуулж үзвэл:
| Дамжуулагч | IEC 60445 | ГОСТ Р 50462-1992 | ГОСТ Р 50462-2009 | GB/T 6995.4-2008 | БД 43-101-03 |
|---|---|---|---|---|---|
| L1 (Фаз 1) | Бор (Brown) | Шар | Бор | Улаан | Шар |
| L2 (Фаз 2) | Хар (Black) | Ногоон | Хар | Шар | Ногоон |
| L3 (Фаз 3) | Саарал (Grey) | Улаан | Саарал | Ногоон | Улаан |
| N (Саармаг) | Цэнхэр (Blue) | Цэнхэр | Цэнхэр | Цэнхэр | Цэнхэр |
| PE (Газардуулга) | Шар-ногоон (Yellow-Green) | Шар-ногоон | Шар-ногоон | Шар-ногоон | Шар-ногоон |
Дүгнэлт:
Цахилгаан угсралт болон ашиглалтад оролцож буй инженер, техникчид төрөл бүрийн стандартын ялгааг ойлгож, тухайн төсөлд тохирох стандартын дагуу зөв тэмдэглэгээ хийх нь амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдалд шууд хамааралтай.











